Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 295
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Хууль эрх зүй

  •  
  • |
  • |
  •  
 
Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр                       Дугаар 36                     Улаанбаатар хот  

Журам шинэчилэн батлах тухай

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчилэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                     С.БАТБОЛД  

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                        Ё.ОТГОНБАЯР

 

Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолын хавсралт

Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү журмын зорилго нь шинжлэх ухаан, технологийн төсөл болон суурь судалгааны сэдэвт ажлыг хэрэгжүүлэх үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг Шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид энэ журамд “төсөл” гэх/, суурь судалгааны сэдэвт ажил /цаашид “сэдэвт ажил” гэх/ хэрэгжүүлэх хэлбэрээр гүйцэтгэнэ. Төслийг захиалгат, хөтөлбөрийн зорилтот, гадаадтай хамтарсан гэж ангилна.

3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1. “Суурь судалгааны сэдэвт ажил” гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.3-д заасан судалгааг онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, шаардлагатай шинэ мэдлэг, мэдээллийг бий болгох, түүнийг хэрэглэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг;

3.2. “Захиалгат төсөл” гэж Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд чиглэсэн төслийг;

3.3. “Хөтөлбөрийн зорилтот төсөл” гэж Засгийн газраас шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлэхээр баталсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийг;

3.4. “Гадаадтай хамтарсан төсөл” гэж гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ (хэлэлцээр)-ний хүрээнд хэрэгжүүлэх хоёр болон олон талт төслийг;

3.5. “Итгэмжлэн хадгалагч” гэж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлагдсан, эрдэм шинжилгээний ажлын тайланг фондлон хадгалах, түүний мэдээллийн нууцыг хамгаалах үүрэг бүхий байгууллагыг.

4. Төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь дараахь үе шаттай байна:

4.1. захиалах, дэвшүүлэх;

4.2. боловсруулах;

4.3. гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах;

4.4. гэрээ байгуулж баталгаажуулах;

4.5. санхүүжүүлэх;

4.6. гүйцэтгэлд хяналт тавих;

4.7. үр дүнг мэдээлэх, тайлагнах, баталгаажуулах;

4.8. үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн тооцоо хийх.

5. Төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэхэд дор дурдсан үндсэн зарчмыг баримтална:

5.1. үр ашигтай байх;

5.2. өрсөлдөх тэгш боломжтой байх;

5.3. ил тод байх;

5.4. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хамаарах төсөл, сэдэвт ажлыг тэргүүн ээлжинд сонгон хэрэгжүүлэх.

6. Төслийн захиалагч нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэн байна. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь аж ахуйн нэгжтэй хамтран төсөл захиалж болно.

7. Гадаадтай хамтарсан төслийг гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ (хэлэлцээр)-нд заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтлаг, эрдэмтэд дэвшүүлнэ.

8. Сэдэвт ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтлаг, эрдэмтэд дэвшүүлнэ.

9. Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажлыг дор дурдсан зарчмаар санхүү¬жүүлнэ:

9.1. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэ¬лд хамаарах төсөл, сэдэвт ажлыг тэргүүн ээлжинд;

9.2. улсын захиалгатай төсөл, сэдэвт ажлыг Шинжлэх ухаан, технологийн сангийн /цаашид энэ журамд “Сан” гэх/ хөрөнгөөр;

9.3. орон нутгийн засаг захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

9.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиал¬гатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг тухайн захиа¬лагчийн хөрөнгөөр;

9.5. хамтран захиалсан төслийг захиалагчдын хөрөнгөөр;

9.6. гадаадтай хамтарсан төслийг гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ (хэлэлцээр)-нд заасан хөрөнгөөр.

10. Төслийн гүйцэтгэгч нь дор дурдсан этгээд байна:

10.1. шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллага;

10.2. аж ахуйн нэгж, байгууллага;

10.3. судлаачдын хамтлаг;

10.4. Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн.

11. Төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх багийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг хариуцах үүрэг бүхий удирдагчийг ажиллуулна. Удирдагч нь докторын зэрэгтэй байна. Удирдагчийг өөрчлөх шийдвэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. Удирдагчид олгох нэмэгдэл цалин, урамшлын хэмжээг уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд заана.

12. Шинжлэх ухааны докторын зэрэгтэй судлаач нь хоёр, докторын зэрэгтэй судлаач нь нэг төсөл, сэдэвт ажил удирдаж болно.

13. Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нь хоёр төсөл, сэдэвт ажилд үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж болно.

14. Энэхүү журмын 12, 13 дахь заалт нь гадаадтай хамтарсан төслийн гүйцэтгэгчид хамаарахгүй.

15. Төсөл, сэдэвт ажлыг хэрэгжүүлснээр гарч болзошгүй патент, зохиогчийн эрх эзэмших болон төсөл, сэдэвт ажлын эрдэм шинжилгээний тайланг өмчлөх, ашиглах асуудлыг захиалагч, санхүү¬жүүлэгч, гүйцэтгэгч талууд төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ /цаашид “гэрээ” гэх/-нд тусгана.

16. Төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэл жил байна.

Хоёр. Төсөл, сэдэвт ажил захиалах, дэвшүүлэх

17. Захиалгат төслийн захиалагч ирэх онд шинээр хэрэгжүүлэх төслийн захиалгын саналаа тухайн оны 4 дүгээр сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Хөтөлбөрийн зорилтот төслийг захиалах хугацааг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь тогтооно. Сэдэвт ажлын саналыг холбогдох эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлын шийдвэрийн хамт жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Шинжлэх ухааны академид хүргүүлнэ.

18. Төслийн захиалга, сэдэвт ажлын санал нь дор дурдсан бүрдэлтэй байна:

18.1. төсөл, сэдэвт ажлын нэр;

18.2. хэрэгжүүлэх (эхлэх, дуусах он, сар) хугацаа;

18.3. хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл, туршилт, сорилтын бааз;

18.4. хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоо, захиалагчаас гаргах хөрөн¬гийн хэмжээ;

18.5. үр дүнгийн талаархи төсөөлөл;

18.6. үр дүнг нэвтрүүлэх, ашиглах, зах зээлд борлуулах боломж (хүрээ), шаардагдах хөрөнгийн урьдчилсан тооцоо, түүний эх үүсвэрийг шийдвэрлэх арга зам;

18.7. нэвтрүүлэх, ашиглах, борлуулахад захиалагчийн хүлээх үүрэг, хариуцлага;

18.8. үр дүнг нэвтрүүлж ашигласнаас олох эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын талаархи төсөөлөл.

19. Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх) нь төслийн захиалгын саналыг эрдэмтэд, захиалагчийн төлөөллийг оролцуулан 5 дугаар сард багтаан хэлэлцэж сонгоно. Салбар зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна. Шинжлэх ухааны академи нь сэдэвт ажлын саналд 4 дүгээр сард багтаан дүгнэлт өгнө.

20. Дор дурдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн төсөл болон сэдэвт ажлыг сонгож дүгнэлт гаргана:

20.1. эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлага байгаа эсэх;

20.2. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалттай уялдсан эсэх;

20.3. төсөл, сэдэвт ажлыг гүйцэтгэх багийн чадавхи;

20.4. лаборатори, туршилтын баазын нөхцөл боломж;

20.5. хэрэгжүүлэх хугацаа бодитой эсэх;

20.6. санхүүжилтийн эх үүсвэрийн талаархи санал бодитой эсэх;

20.7. үр дүнг ашиглах боломж, түүнийг нэвтрүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөц байгаа эсэх.

21. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болзлыг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн оны 5 дугаар сард багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

22. Төсөл зарлах, төсөл болон сэдэвт ажлыг сонгон шалгаруулахад шаардагдах хөрөнгийг Сангаас санхүүжүүлнэ.

Гурав. Төсөл, сэдэвт ажил боловсруулах

23. Төслийн гүйцэтгэгч (өрсөлдөгчид) нь төслийн баримт бичгийг зарласан болзол, шаардлагын дагуу боловсруулж, холбогдох эрдэм шинжилгээний түшиц байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2 хувь үйлдэн уг хурлын шийдвэрийн хамт шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ. Хугацаа хоцорч ирсэн материа¬лыг хүлээн авахгүй.

24. Шинжлэх ухааны академи нь шинээр гүйцэтгэхээр сонгосон суурь судалгааны сэдэвт ажлыг дүгнэлтийн хамт Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 5 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

25. Шинжлэх ухааны академиас дэмжсэн сэдэвт ажлын гүйцэтгэгч нь сэдэвт ажлын баримт бичгийг шаардлагын дагуу боловсруулан 2 хувь үйлдэн шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 5 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.

26. Төсөл, сэдэвт ажлыг боловсруулахдаа дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

26.1.Дараахь зүйлийг тусгасан төсөл, сэдэвт ажлын карт:

26.1.1. төсөл, сэдэвт ажлын нэр;
26.1.2. хугацаа (эхлэх, дуусах он, сар);
26.1.3. захиалагч (дэвшүүлэгч);
26.1.4. гүйцэтгэгч;
26.1.5. санхүүжүүлэх этгээд;
26.1.6. нийт зардал (мян.төг);
26.1.7. удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
26.1.8. оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт).

26.2. Дор дурдсан бүтэц бүхий төсөл, сэдэвт ажил:

26.2.1. зорилт, гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
26.2.2. эцсийн үр дүнгийн талаархи төсөөлөл, шинэлэг буюу дэвшилттэй тал;
26.2.3. эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
26.2.4. үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төсөл, сэдэвт ажлыг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт);
26.2.5. өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа, захиалагчаас гаргах хөрөнгийн хэмжээ, холбогдох бусад материал;
26.2.6. лаборатори, туршилтын бааз;
26.2.7. үр дүнг хүлээлгэн өгөх, хянан магадлагаа хийлгэх, нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн урьдчилсан тооцоо, түүний эх үүсвэрийг шийдвэрлэх арга зам.

Дөрөв. Төсөл, сэдэвт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

27. Төсөл, сэдэвт ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг энэхүү журмаар, гадаадтай хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ (хэлэлцээр)-гээр тохиролцсон нөхцөл, журмын дагуу зохицуулна.  

28. Гүйцэтгэгчээс ирүүлсэн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах шинжээчийн багийг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

29. Шинжээчийн багт мэргэжлийн эрдэмтэд, захиалагчийн төлөөллийг оруулна. Шинжээчийн багийн гишүүд нь боловсролын доктор, түүнээс дээш зэрэгтэй байна. Төсөл хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн аливаа төслийн удирдагч, гүйцэтгэгчийг шинжээчээр ажиллуулахыг хориглоно.

30. Шинжээчийн баг нь төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалыг мөрдөнө.

31. Салбар зөвлөл мэргэжлийн эрдэмтдийн оролцоотойгоор сэдэвт ажлыг эцэслэн сонгож дүгнэлт гаргана.

32. Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн сэдэвт ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

33. Төсөл, сэдэвт ажилд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг баримтална:

33.1. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад хамрагдсан байдал;

33.2. үр дүнгийн эрэлт хэрэгцээ, шаардлага, шинэлэг, дэвшилтэй тал;

33.3. нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол

33.4. үр дүн нь шаардлагад нийцэж байгаа эсэх;

33.5. үр дүнг өмчлөх, ашиглахтай холбогдон үүсэж болзошгүй харилцааг зохицуулах арга зам;

33.6. төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах, зах зээлд борлуулах боломж, хүрээ, шаардагдах зардлын хэмжээг тодорхойлсон байдал;

33.7. хөрөнгийн хэмжээ бодитой эсэх;

33.8. захиалагчийн зүгээс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;

33.9. лаборатори, туршилт-сорил¬тын баазын хангамж, түвшин;

33.10. хэрэгжүүлэх судлаачдын чадавхи, төсөл хэрэгжүүлж байсан туршлага; 33.11. салбар, мэргэжлийн судлаачид хамтран оролцсон байдал.

34. Шинжээчдийн багийн дүгнэлтээр сонгогдсон төслийн гүйцэтгэгчийг Салбар зөвлөлөөр хэлэлцэж шалгаруулна.

35. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Салбар зөвлөлийн шийдвэрийг 7 дугаар сарын 20-ны дотор Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвлөмж гаргуулна.

36. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталгаажуулна.

37. Батлагдсан төсөл, сэдэвт ажлын жагсаалтыг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын вэб сайтад байрлуулж нийтэд мэдээлнэ.

Тав. Гэрээ байгуулах

38. Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, тухайн оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногт багтаан төсөл болон сэдэвт ажлын төсөвт өртгийг захиалагч болон Сангийн оролцоотойгоор шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тодотгоно.

39. Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч (цаашид “талууд” гэх) нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн загварын дагуу гэрээг энэхүү журмын 38-д заасны дагуу төсвийг тодотгон хянаснаас хойш 30 хоногт багтаан байгуулна.

40. Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээнд зарцуулах төсөв хүрэлцэхгүй тохиолдолд шинээр эхлэх төсөл, сэдэвт ажилд зохицуулалт хийх, нэмэлт эх үүсвэр хайх, хэрэгжилт нь хангалтгүй байгаа төсөл, сэдэвт ажлыг зогсоох арга хэмжээг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага захиалагчтай зөвшилцөн хэрэгжүүлж болно.

41. Төсөл, сэдэвт ажлын гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэх гэрээг 4 хувь, сэдэвт ажил хэрэгжүүлэх гэрээг 3 хувь үйлдэж холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Төсөл, сэдэвт ажлыг санхүүжүүлэх

42. Сангийн хөрөнгөөс төсөл, сэдэвт ажилд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

43. Аж ахуйн нэгжтэй хамтарсан захиалгат болон гадаадтай хамтарсан төслийн санхүүжилтийн төрийн захиргааны төв байгууллагад ногдох хөрөнгийн хувь хэмжээг Сангаас санхүүжүүлнэ.

44. Төсөл, сэдэвт ажлын хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажил, онол, практикийн хурал, семинарын зардал болон судлаачдын цалин хөлс, томилолтын зардал нь төсөл, сэдэвт ажлын санхүүжилтэд багтана.

45. Төсөл, сэдэвт ажлыг хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төсөл, сэдэвт ажил дууссаны дараа хэрхэн эзэмших талаар гэрээнд тусгасан байна.

46. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ, борлуулах боломж зэргийг харгалзан төслийг дор дурдсан хэлбэрээр санхүүжүүлнэ:

46.1. буцалтгүй хэлбэрээр санхүүжүүлэх;

46.2. эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх;

46.3. төслийн зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх.

47. Төслийг санхүүжүүлэх хэлбэрийг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. Санхүүжилтийн хэмжээ, хугацаа, хэлбэрийг гэрээнд тусгана.

48. Төсөл, сэдэвт ажлын үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, ажлыг тогтоосон хугацаанд нь дуусгах зорилгоор төсөл, сэдэвт ажлыг хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас батлагдсан төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг үлдээж, төсөл, сэдэвт ажил дууссаны дараа захиалагч (сэдэвт ажлын хувьд Салбар зөвлөл)-ийн санал, дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно.

49. Төсөл, сэдэвт ажлыг хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтэд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд захиалагч (сэдэвт ажлын гүйцэтгэгч), санхүүжүүлэгч хамтран санал боловсруулж, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

50. Үргэлжлэн хэрэгжиж байгаа төсөл, сэдэвт ажлын төлөвлөгөөт оны зардлыг тодорхойлохдоо төрийн захиргааны байгууллагаас анх баталсан нийт төсөвт өртгийн тухайн оны хуваарийг үндэс болгоно.

51. Төсөл, сэдэвт ажлын төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

52. Төсөл, сэдэвт ажлын гүйцэтгэлийн явц захиалагч, санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах, үр дүн нь гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд захиалагч, санхүүжүүлэгч нь хугацаанаас өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх талаар санал боловсруулан шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

Долоо. Гүйцэтгэлд тавих хяналт

53. Төсөл, сэдэвт ажлын арга зүйн түвшин, хэрэгжилтийн явц, хугацаа, үр дүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, санхүүгийн үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага хяналт тавина. Захиалагч, санхүүжүүлэгч төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцаж дүгнэлт гаргахтай холбогдон гарах зардлыг Сан хариуцна.

54. Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төсөл, сэдэвт ажлын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус шинжээчийн багийг ажиллуулж болно. Шинжээчийн баг нь дүгнэлтээ Салбар зөвлөлд оруулж хэлэлцүүлнэ. Шинжээчийн багийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Сан хариуцна.

Найм. Төсөл, сэдэвт ажлын үр дүнд хянан магадлагаа хийх, түүнийг баталгаажуулах, мэдээлэх, тайлагнах

55. Төсөл, сэдэвт ажлын үр дүн нь дор дурдсан хэлбэртэй байж болно:

55.1. онолын судалгааны тайлан, онолын үндэслэл, үзэл баримтлал, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл;

55.2. шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар;

55.3. шинэ болон шинэчилсэн технологи, технологийн заавар;

55.4. техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, түүний эд анги, туршилтын загвар, ажлын зураг;

55.5. судалгаа, туршилтын ажлын үр дүнгээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах техник-эдийн засгийн үндэслэл, зураг, тооцоо;

55.6. судалгаа, туршилт, боловсруулалтын ажил болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах бусад төрлийн заавар, журам, аргачлал, эмчилгээ, оношлогооны шинэ, дэвшилтэт арга, зөвлөмж, математик загвар, бодлогын алгоритм, программ хангамж, стандарт, норм, схем.  

56. Судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурлан төслийн хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэр байгуулсан тохиолдолд уг объектыг төслийн үр дүн гэж үзнэ. Энэ тохиолдолд уг объектын өмчлөлийн асуудлыг төслийн санхүү¬жилтэд оруулсан хөрөнгийн хувь хэмжээг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага захиалагч, гүйцэтгэгчтэй хамтран шийдвэрлэнэ.  

57.Төсөл, сэдэвт ажлын үр дүнг дор дурдсан баримт бичгийн аль нэгээр баталгаажуулна:

57.1. шинэ бүтээлийн патент;

57.2. бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ;

57.3. хянан магадлагаа хийсэн комисс, эрдмийн зөвлөлийн хурлын болон төсөл, сэдэвт ажлын гүйцэтгэгч, хамтран гүйцэтгэгч байгууллагын албан ёсны үнэлэлт, дүгнэлт.

58. Захиалагч төслийн үр дүнгийн тайланг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан магадлагаа хийлгэж үнэлэлт, дүгнэлт гаргуулна.

59. Төслийн гүйцэтгэлийг дор дурдсан хоёр хэлбэрээр тайлагнана:

59.1. төслийн үр дүн, санхүүжилтийн талаар зохих журмын дагуу бичсэн төслийн тайланг Салбар зөвлөлд хэлэлцүүлж, захиалагч, санхүүжүүлэгчид тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх;

59.2. төслийн хүрээнд бий болсон шинжлэх ухааны шинэ мэдлэгийн талаар стандартын дагуу бичсэн эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид төсөл дууссанаас хойш 3 сарын дотор хүлээлгэн өгөх.

60. Сэдэвт ажлын явц, үр дүнг дор дурдсанаар мэдээлж, тайлагнана:

60.1. сэдэвт ажлын гэрээт хугацаа дуусмагц үр дүнгийн тайлангаа гүйцэтгэгч холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн баримт бичгийн хамт Шинжлэх ухааны академид хүргүүлнэ.

60.2. сэдэвт ажлын үр дүнгийн тайланг Шинжлэх ухааны академи хэлэлцэн дүгнэлт гаргаж, нэгдсэн тайланг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн I улиралд багтаан хүргүүлнэ.

Ес. Төсөл, сэдэвт ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, санхүүгийн өр авлагыг барагдуулах

61. Гүйцэтгэгч нь төсөл дууссанаас хойш 2 сарын дотор түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө. Төслийн үр дүнг хүлээлгэн өгөхдөө шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт”-ын үлгэрчилсэн загварын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулна.

62. Төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлаар нэмэлт гэрээ хийж, үр дүнг хүлээн авсан тухай актдаа хавсаргана. Төслийн захиалагч төрийн захиргааны төв байгууллага нь төслийн үр дүнг ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган хэрэгжүүлнэ.

63. Төслийн захиалагч-төрийн захиргааны төв байгууллагаас санхүүгийн эцсийн тооцоо хийх талаар санхүүжүүлэгчид хандсан хүсэлт, төслийн үр дүнг хүлээн авсан тухай захиалагчийн албан ёсны дүгнэлт болон төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгсөн тухай актыг үндэслэн санхүүжүүлэгч материал хүлээн авснаас хойш 20 хоногт багтаан гүйцэтгэгчтэй эцсийн тооцоог хийнэ.

64. Төслийн захиалагч төрийн захиргааны төв байгууллага нь шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 17.4-д заасан хугацаанд төслийн үр дүнг нэвтрүүлэх, ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэн энэ талаар хийсэн ажлын мэдээ, тайланг Үндэсний зөвлөлд тайлагнаж байна.

65. Төслийн захиалагч төрийн захиргааны төв байгууллага нь хүлээн авсан үр дүнгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаагүй, эсхүл ашиглах бололцоогүй үр дүн захиалсан бол төсөлд зарцуулсан хөрөнгийг Санд буцаан төлнө. Буцааж төлөөгүй тохиолдолд төсөл захиалах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж болно.

66. Гэрээнд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр захиалагч төслийн эцсийн үр дүнг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд уг ажлыг дахин гүйцэтгүүлэх буюу санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна. Энэ тохиолдолд тухайн гүйцэтгэгчийн төслийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

67. Төсөл, сэдэвт ажлын гүйцэтгэгч энэхүү журмын 59, 60 дахь заалтад заасныг зөрчсөн тохиолдолд уг ажлын удирдагчийн төсөл, сэдэвт ажил удирдах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

68. Сэдэвт ажил нь гэрээнд тусгасан үр дүн, зорилтоо бүрэн биелүүлээгүй тохиолдолд түүний шалтгааныг тодорхойлж, хохирлыг барагдуулах асуудлыг Салбар зөвлөл Сантай хамтран шийдвэрлэнэ.

69. Төсөл болон сэдэвт ажил хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд асуудлаа шүүхэд тавина.

- - о О о - -  

Хууль эрх зүй
Хуанли
Өнөөдөр 2017 - 8 - 18
НяДаМяЛхПvБаБя


1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1047140 удаа хандсан.